
ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН 7 БАГТ 70 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас “start up” буюу залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнест хамрагдсан залуу бизнес эрхлэгчидтэй уулзаж, батламж гардуулан өглөө. Энэ онд 7 залуучуудын багт тус бүр 10 сая төгрөг, нийт 70 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хүлээгдсэн ч, орон нутагтаа бизнес санаагаа тодорхой түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байгаа залуучуудын багууд шалгарчээ. Энэ жилийн төсөлд фитнесийн бодилбиндинг, Хэрчсэн гурилын үйлдвэр, Бүжгийн урлагийг хөгжүүлж буй залуу гэр бүл, бие хамгаалах урлаг, гоо сайхан, сумаас анх удаа Биндэр сумын гоо сайхны салон, сантехникийн үйл ажиллагаа явуулдаг залуус зэрэг шалгарчээ.
Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг 6 хөтөлбөрийн нэг болох Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр нь 2016 оноос Хэнтий аймагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 онд 18 залууд 31,5 сая төгрөг, 2017 онд 20 залууд 40 сая төгрөг, 2018 онд 18 залуучуудын багт 66 сая төгрөг, 2019 онд 15 залуучуудын багт 150 сая төгрөг тус тус олгосон бол 71 залууд 287,5 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг залуучуудын гарааны бизнест олгосон байна.Энэхүү хөтөлбөрт хамрагдаад бизнес санаагаа хэрэгжүүлж, олон нийтийн талархлыг хүлээж амжилттай яваа олон залуучууд байгаа бөгөөд “Ледо кофе шоп”, “Гүнтэн” бренд, “Иштэй ааруул”, “Astro” төв, “Хэнтий LIVE” зэрэг салбар салбарын төлөөллүүд өмнөх жилүүдэд хамрагдсан байна.